Бүргэдийн баяр энэ сарын 12-нд Түргэний аманд болохоор товлогджээ

Энэ жилийн наадам Улаанбаатар хот, Түргэний ам "Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв"-д болно хэмээн зохион байгуулагчид мэдээлжээ.

Баяр наадмын үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох хөтөлбөртэй байна.

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмийн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай улс юм.