Эзэн хаан нь таалал төгссөний дараа эрхэм дээдсээ хойд насанд нь хамгаалах дайчдыг амьдаар нь булах ёстой байсан ч ард түмний эсэргүүцлээс үүдэн үймээн үүсэхээс сэргийлж, түүний бүхэл бүтэн армийг шавраар дуурайлган урласан түүхийн тухай мэдээллийг хүргэе.
БНХАУ-ын Шааньши мужийн Ши-Ань хотоос олдсон "Terracotta Army" буюу шавар арми нь хүн төрөлхтний хувьд урьд хожид үзэгдээгүй том нээлт болсон юм. Түүхийн энэхүү онцгой олдвор өнөөгийн дэлхийн гайхамшгийн нэг болох Цагаан хэрмийн суурийг тавьсан Цинь Ши Хуанди хаанаас эхтэй. Энэ чухал олдворыг одоогоос 47 жилийн өмнө хөдөө нутгийн эгэл жирийн тариачин олж нээсэн байна. Тэрээр худаг ухсан ч ус гаргаж чадаагүй бөгөөд оронд нь хүн төрөлхтний түүхэнд хамаарах хачирхалтай нууцыг тайлжээ.
Санамсаргүй байдлаар олдсон шавар арми нийтдээ 8100 орчим зэвсэглэсэн цэрэг эрсийн баримлаас бүрдэж байсан бөгөөд судалгааны явцад НТӨ 246 оноос эхлэн хаанчилсан Цинь Ши Хуандитай холбоотой болох нь батлагдсан байна.
Шавар дайчдын дийлэнх нь цаг хугацааны эрхэнд эмтэрч, элэгдэж муудсан байсан тул дүр төрхийг нь сэргээх ажилд 70 мянга гаруй ажилчид гар бие оролцсон байна. Цэргийн цогцолборын зохион байгуулалтаас харахад тухайн цагийн Хятадын сүр хүчийг харуулах учиртай байсан бололтой.
Чин Жуан Щиан вангийн хүү Ин Жень Хятад улс түүхэндээ анх удаа нэгдэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан бөгөөд Вант улсуудыг нэгтгэж дууссаныхаа дараагаар өөрийгөө Хуанди буюу эзэн хаан болгон өргөмжилж, Цинь Ши Хуанди болсон аж. Тэрээр эзэн хаан болсон даруйдаа Хятад даяар эрс өөрчлөлт, шинэчлэл явуулж эхэлсэн байна.
Эртний хот гэхэд ч болохоор асар том байгууламж бүхий энэ газраас гарч ирсэн шавар дайчид дунджаар 190-195 см өндөр, 135 орчим кг жинтэй байв. Үүнээс гадна 8000 гаруй шавар дайчид хоорондоо өндөр нам, өргөн бүдүүнээс авхуулаад царай төрх, өмссөн хувцсаараа ялгарч байжээ.
Хааны амар амгалангийн манаанд зогсож буй олон мянган цэргүүд дунд 200-аад кг жинтэй морь хүртэл хэд хэд байсан учраас уран баримлуудыг сэргээхийн тулд зөөвөрлөхөд ихээхэн хүндрэл учирсан гэнэ.
Археологичид шавар армийг бүтээх нүсэр ажлыг Хятадын хэд хэдэн мужид нэгэн зэрэг хийж гүйцэтгэсэн гэж үзсэн байна. Үүнийг Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийнхэн судалгааны явцдаа баримлуудад наалдсан өөр өөр нутагт ургадаг ургамлын үрээр батлан тогтоосон аж.
Харамсалтай нь дайчин эрсийг газрын хөрснөөс гаргаснаас болж салхи үзэж, өнгөн тал нь эмтэрч, будаг нь ор мөргүй арилж хоцорчээ.
Малтлагын ажил нийт гурван үе шатаас бүрдэх бөгөөд 1978-1984 онд хийсэн эхний шатанд буюу 1980 онд дөрвөн хүлэг хөллөсөн байлдааны цэргүүд олдсон бөгөөд морь тус бүрийг үнэт чулуу, алтаар чимэглэсэн байв. Харин хоёр дахь шатыг 1985-1986 онд хийсэн бол одоо ч үргэлжилсээр буй гурав дахь шатыг 2009 онд эхлүүлсэн байна.
Газар доор хоёр мянга гаруй жилийг өнгөрүүлсэн шавар дайчдын хажуугаар хөгжимчид, акробатчид, өндөр хэргэм зэрэгт түшмэлүүд болон морь сургагч гээд хэд хэдэн онцгой хүмүүсийн баримлыг олсон аж.
Шавар армийг ЮНЭСКО-ийн дэлхийн өвд албан ёсоор бүртгэж авсан бөгөөд дэлхийн хамгийн ховор арван булшны нэгт тооцдог.